Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.06.18/  Нийслэлийн Баянгол дүүргийн “Оюуны ундраа” сургуульд ажиллав. Засгийн газраас хэрэгжүүлж буй “Монгол хүүхэд, залуусыг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлье” бодлогын хүрээнд дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ.

“Оюуны ундраа” сургуульд 2025-2026 оны хичээлийн жилд нийт 4817 суралцагчтай,  анги дүүргэлт 40-50 хүүхэдтэй хичээллэжээ.

Ирэх хичээлийн жилээс бүтцийн өөрчлөлт хийж, ахлах ангиудыг бие даасан ахлах сургууль болгон төрөлжүүлэн хөгжүүлнэ. Ингэснээр 10-12 дугаар ангийн 1004 суралцагч сонголтот, төрөлжсөн хөтөлбөрөөр хичээллэж, бүлэг дүүргэлт 42-оос 34 болон буурч, нэг ээлжээр хичээллэхээр болж байна.

1-2 дугаар ангийн сурагчдыг тус сургуулийн хойд талд баригдаж буй цэцэрлэгийн зориулалттай байрыг тохижуулж хичээллүүлэх юм. Ашиглалт багатай цэцэрлэгүүдийн барилгыг бага сургуулийн зориулалтаар ашиглахаар зохицуулж байна.

Ерөнхий сайд Н.Учрал “50 хүүхдэд нэг багш хүрэлцэхгүй. Тиймээс Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийг санаачлан УИХ-аар батлуулж байсан. Үр дүнд нь туслах багшийн асуудлыг шийдвэрлэж хүртээмж, чанарт эергээр нөлөөлж байна.  Цаашид төр сургууль барихаас татгалзана. Гэрт ойр хотхоны бага сургуулийг томоохон хотхонуудад төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулна. Ирэх хичээлийн жилд хотхоны бага сургуульд 10 мянган хүүхэд хамруулна” гэв.

Хотхоны бага сургууль, төрөлжсөн ахлах сургуулиудыг байгуулж, төр хувийн хэвшлийн түншлэлийг хэрэгжүүлж ажилласнаар 2026-2027 оны хичээлийн жилд 60,000 хүүхдийг өндөр ачааллаас чөлөөлөх боломж бүрдэхээр байна.

Нийслэлийн хэмжээнд 3000-аас дээш суралцагчтай 38 сургуулийн бүтцийг өөрчилж, давхарлах, өргөтгөх, анги зохион байгуулалт хийх, Гүүглийн сургалтын орчныш бий болгох зэрэг арга хэмжээг авч 2000 орчим хүүхэдтэй болгоно. Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлдэг төрийн өмчийн таван сургууль, их сургуулийн зургаан лицейг төрөлжсөн ахлах сургууль болгоно. Мөн нийслэлийн зургаан дүүрэгт тус бүрд төрөлжсөн ахлах сургууль байгуулна гэдгийг Боловсролын сайд Л.Энх-Амгалан илтгэлдээ дурдав.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва гэр хорооллоос 65 мянган хүүхэд хотын төв рүү суралцдаг. Эдгээр хүүхдийг гэрт ойр сургуульд хамруулах бага, дунд сургууль болох боломжтой обьект, байруудыг судалж байгаа гэв.

Засгийн газрын дэвшүүлсэн боловсролын салбар дахь Чөлөөлөлтийн бодлогын үр дүнд:

-Сургууль, цэцэрлэгийн хүчин чадлын ашиглалт 50 хувиар сайжирна.

-Боловсролын үйлчилгээний чанарын үнэлгээ 20-30 хувиар өснө.

-Багшлах боловсон хүчний дутагдал 50 хувиар буурна.

-Төсвийн үр ашиг багатай үрэлгэн зардлыг жилд 30-50 тэрбум төгрөгөөр бууруулах боломжтой.

-Нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг 20 хувиар бууруулна гэсэн тооцоо гарч байна.

Сангийн сайд З.Мэндсайхан “Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг /2026.06.17/ Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ.

Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.10.4 дэх заалтад “Улсын Их Хурал нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн тайланг хаврын чуулганаар хэлэлцэн, улсын төсвийн гүйцэтгэлийг батлах”, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь заалтад Улсын Их Хурал “нэгдсэн төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэн, улсын төсвийн гүйцэтгэлийг батлах” бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр тус тус заасны дагуу тогтоолын төслийг боловсруулж, өргөн мэдүүлж буйгаа Сангийн сайд энэ үеэр онцлов.

Тэрбээр, тайлант онд улсын төсвийн нийт орлого ба тусламжийг 20,224.1 тэрбум төгрөгөөр төлөвлөснөөс 19,550.5 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, 96.7 хувийн гүйцэтгэлтэй гарсан гэлээ.

Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2025 онд 613 төсөл, арга хэмжээний гүйцэтгэлд 2,135.4 тэрбум төгрөгийн санхүүжилт, гадаадын зээл тусламжийн санхүүжилтээр 116 төсөл, арга хэмжээнд 1,874.9 тэрбум төгрөгийн санхүүжилт буюу нийт 729 төсөл, арга хэмжээнд 4,010.3 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон. Энэ хүрээнд 1800 орчим аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж ажилласнаар 110.0 мянган ажлын байрыг хэвээр хадгалж, улсын хэмжээнд 490 төсөл, барилга байгууламж ашиглалтад оруулсан хэмээн Сангийн сайд хэллээ.

Өнгөрсөн онд Төсвийн тогтворжуулалтын санд 429.1 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлэхээр төлөвлөснөөс гүйцэтгэлээр аж ахуйн нэгжийн орлогын албан татварын орлогоос 119.0 тэрбум төгрөг, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогоос 443.5 тэрбум төгрөг, нийт 562.5 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ.

Монгол Улсын 2025 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 18,988.0 тэрбум төгрөгт хүрч, 95.9 хувийн гүйцэтгэлтэй буюу төлөвлөгөөнөөс 807.0 тэрбум төгрөгөөр дутуу, өмнөх оны гүйцэтгэлээс 1,101.2 тэрбум төгрөгөөр буюу 5.5 хувиар буурсан үзүүлэлттэй байна

Монгол Улсын 2025 оны төсвийн нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 20,414.3 тэрбум төгрөг буюу 90.5 хувийн гүйцэтгэлтэй гарсан бөгөөд нийт зарлага ба цэвэр зээлийн 81.8 хувийг урсгал зардал, 18.4 хувийг хөрөнгийн зардал, -0.3 хувийг эргэн төлөгдөх цэвэр зээл эзэлж байгаа аж.

Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.10.1, 8.10.2 дахь заалтад тус тус заасны дагуу нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланг төрийн аудитын төв байгууллагад хүргүүлж, аудит хийлгэн улсын төсвийн гүйцэтгэлийн тэнцвэржүүлсэн орлого, зарлагын хэмжээг баталгаажуулсан гэдгийг Сангийн сайд танилцуулгадаа тодотголоо.

Сонсголгүй иргэдийн үндэсний холбооноос Засгийн газар, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд шаардлага ирүүлсэн.  Шаардлагын хүрээнд тус яамны Төрийн нарийн бичгийн дарга А.Даваажаргал, Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Идэр, Гэр бүлийн бодлогын газрын дарга Д.Мөнгөнтуул, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн хэлтсийн дарга А.Хишигбаяр, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга Д.Гэрэл нар Сонсголгүй иргэдийн үндэсний холбооны ерөнхийлөгч А.Энхбаатар болон сонсголын бэрхшээлтэй иргэдийн төлөөлөлтэй уулзан асуудлыг зөвшилцлөө.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам тэдний шаардлагыг хүлээн авч, хүний эрхийг дээдлэх, тэгш оролцоог хангах зарчмын хүрээнд бодитой шийдвэрүүдийг гарган, шат дараатай арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж эхэлснийг мэдэгдлээ. Мөн шаардлагад ирүүлсэн яам дангаар шийдэх боломжгүй асуудлуудыг бусад яамд, төрийн байгууллагуудтай хамтран шийдвэрлэх үйл явцыг манлайлан ажиллахаа илэрхийллээ.

Уулзалтын хүрээнд тавьсан шаардлагад дараах арга хэмжээг авч ажиллаж байгааг танилцуулав.  

Дохионы хэлний хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх: ГБХНХ-ын яам “Монгол дохионы хэлний тухай” хуулийн төслийг боловсруулж байна. Тус хуулийн үзэл баритлалыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлсэн. Тус хууль дохионы монгол хэлийг эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх эрх зүйн үндсийг тогтоох замаар сонсголын бэрхшээлтэй хүний нийгмийн харилцаанд оролцох орчныг бүрдүүлж, амьдралын чанарыг сайжруулахад иргэн, хуулийн этгээдийн эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлох үндсэн зорилго багтаж байна.

Хэлмэрчийн санхүүжилтийг төсөвт тусгах: Төрийн үйлчилгээг сонсголын бэрхшээлтэй иргэдэд саадгүй хүргэх зорилгоор дохионы хэлмэрчийн зардлыг 2027 оны төсөвт тусгах, хэрэгжилтэд хяналт тавих албан ёсны чиглэлийг 2026 оны тавдугаар сарын 27-ны өдөр яамд болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт хүргүүлжээ.

Мэдээллийн хүртээмжийг технологиор шийдвэрлэх: Харилцаа холбооны зохицуулах хороо телевизийн нэвтрүүлгийг дохионы хэлний хэлмэрч, хадмал тайлбартай нэвтрүүлэх “MNS” стандартыг батлуулах, IPTV системд олон улсын ITU-T H702 зөвлөмжийн дагуу технологийн шийдэл нэвтрүүлэх ажлыг хийж эхлүүлсэн.

Ажлын байрны тогтвортой байдлыг хангах: Сонсголгүй иргэдийн үндэсний холбооны одоогийн ашиглаж буй байранд үйл ажиллагааг нь хэвийн үргэлжлүүлэхэд дэмжлэг үзүүлэв.

Төсөв санхүүжилт, хяналтын талаар: “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулга болон “Монгол дохионы хэлний тухай” анхдагч хуулийн төсөлд санхүүжилтийн механизмыг илүү тодорхой болгоно. Мөн 2025, 2026 онд тус чиглэлээр хийсэн арга хэмжээ, хяналт шалгалтын үр дүнг танилцууллаа.

Сонсголгүй жолоочийн эрхийн зохицуулалттай холбоотой асуудлыг салбар хариуцсан байгууллагуудад уламжилж, шуурхай шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.

Хууль зүй, дотоод хэргийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз зэрэг байгууллагатай албан уулзалт зохион байгуулж сонсголын бэрхшээлтэй иргэдэд тулгамдсан асуудлыг танилцуулан шийдвэрлүүлэх чиглэлээр ажиллахаа илэрхийлэв.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд болон Төрийн нарийн бичгийн даргын зүгээс  иргэн бүрд тэгш, хүртээмжтэй төрийн үйлчилгээг үзүүлэх хуулиар хүлээсэн үүргийн хүрээнд сонсголын бэрхшээлтэй иргэдээс ирүүлсэн шаардлагыг ажил хэрэг болгож шаардлагатайг онцолж, хариуцах удирдлага, албан хаагчдад үүрэг даалгавар өглөө.

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Монголын уламжлалт анагаах ухааны удирдах ажилтны чуулган” Төрийн ордонд болж, салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, цаашдын хөгжлийн бодлого, эрх зүйн шинэчлэлийн асуудлыг хэлэлцлээ.
Чуулганы нээлтэд Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, Боловсролын сайд Л.Энх-Амгалан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Н.Хүрэлбаатар, Монголын Уламжлалт эмнэлэг “Манба Дацан” төвийн тэргүүн, “Оточ манрамба” их сургуулийн ректор, хамба лам Д.Нацагдорж болон салбарын эрдэмтэн, судлаач, эмч мэргэжилтнүүд оролцов.

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Монголын уламжлалт анагаах ухаан нь монголчуудын олон зууны турш хуримтлуулсан мэдлэг, туршлага, хүн ба байгалийн зохицлыг эрхэмлэсэн үнэт өв болохыг онцолж, энэхүү өв уламжлалыг орчин үеийн шинжлэх ухаан, нотолгоонд суурилсан судалгаатай уялдуулан хөгжүүлэх нь өнөөгийн чухал зорилт гэдгийг тэмдэглэлээ.

Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар батлагдсан “Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө” нь салбарын бүтэц, тогтолцоо, хүний нөөц, сургалт, судалгаа, инновац, эмийн үйлдвэрлэл, чанар, аюулгүй байдлыг хөгжүүлэхэд бодлогын чухал дэмжлэг болж байгааг онцлон дурдав. Мөн Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”-ын хүрээнд уламжлалт анагаах ухааныг орчин үеийн анагаах ухаантай уялдуулан хөгжүүлэх, эрдэм шинжилгээ, инновацыг дэмжих, нотолгоонд суурилсан эмчилгээ, оношилгооны арга зүйг боловсронгуй болгох, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд онцгой анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Чуулганы үеэр уламжлалт анагаах ухааны төрөөс баримтлах бодлого, салбарын бүтэц зохион байгуулалт, тусламж үйлчилгээний тогтолцоо, эрх зүйн орчин, эрүүл мэндийн даатгалын санхүүжилт, хүний нөөцийн бодлого, эмч мэргэжилтэн бэлтгэх тогтолцоо, сургалтын чанар, цаашдын хөгжлийн чиглэлийн талаар өргөн хүрээний хэлэлцүүлэг өрнөв. Түүнчлэн уламжлалт анагаах ухааны салбарт их өгөгдөл, хиймэл оюунд суурилсан мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, цахим шилжилтийг эрчимжүүлэх, эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн тогтолцоотой уялдуулах, тусламж үйлчилгээний чанар, үр нөлөөг сайжруулах асуудлыг хөндөн хэлэлцлээ. Уламжлалт эмийн ургамлын нөөц хамгаалалт, зохистой ашиглалт, эмийн бүртгэл, чанар, аюулгүй байдал, үйлдвэрлэл, хүртээмжийн асуудалд онцгойлон анхаарч, дотоодын үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, олон улсын стандартад нийцсэн үйлдвэрлэлийг дэмжих талаар санал солилцов.

Хэлэлцүүлгийн үеэр уламжлалт анагаах ухааны тусламж үйлчилгээний санхүүжилт, даатгалын тогтолцооны шинэчлэл, салбарын хүний нөөцийн өнөөгийн байдал, эмч мэргэжилтэн бэлтгэх тогтолцоо, цаашид авах арга хэмжээний талаар төр, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллагуудын төлөөлөл байр сууриа илэрхийллээ. Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 87 дугаар тогтоолын хүрээнд боловсруулагдаж буй “Уламжлалт анагаах ухааны тухай” анхдагч хуулийн төслийн үзэл баримтлал, зохицуулалтын талаар хэлэлцэж, салбарын төлөөллүүдээс санал авч нэгтгэн боловсруулах асуудлыг хэлэлцлээ. Чуулганы төгсгөлд уламжлалт анагаах ухааны салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, судалгаа шинжилгээ, инновацыг дэмжих, эмийн чанар, аюулгүй байдлыг сайжруулах, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, дижитал шилжилтийг эрчимжүүлэх чиглэлээр зөвлөмж боловсруулж, холбогдох байгууллагуудад хүргүүлэхээр боллоо.

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдсан тус чуулганд төрийн болон төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээ, сургалт, эрүүл мэндийн байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөл оролцож, Монголын уламжлалт анагаах ухааны хөгжлийн бодлого, шинэчлэлийн асуудлаар санал солилцлоо.

Нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай анхдагч хуулийн төслийн хэлэлцүүлэг хоёр дахь долоо хоногтоо үргэлжилж байна. Өнөөдрийн хэлэлцүүлэгт ерөнхий боловсролын сургуулийн (ЕБС) 250 гаруй багш, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч оролцлоо.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, “Хүүхдүүдтэй өдөр тутам харилцаж, тэдний өмнө ямар асуудал тулгамдаж, юу хэрэгтэй байгааг нээлттэй ярилцан, сонсож байдаг та бүхний санал, санаачилга энэхүү хуулийн төсөлд чухал ач холбогдолтой” хэмээн онцлов.

Уг хуулиар цахим орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах, тэднийг гэмт хэрэг, зөрчлийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх, сөрөг агуулгатай контентоос ангид байлгах, цахим аюулгүй байдлын мэдлэг олгох зэрэг олон харилцааг зохицуулах юм. Хуулийн хэрэгжилтэд багш, сурган хүмүүжүүлэгчдийн оролцоо хамгийн чухал тул боловсролын байгууллага, багш, нийгмийн ажилтан, сэтгэл зүйчдийн эрх үүрэг, тулгамдсан асуудлын гарц шийдлийг чөлөөтэй ярилцаж, хуулийн төсөлд тусгах нь энэ хэлэлцүүлгийн зорилго байв.

Хуулийн төслийн үзэл баримтлалыг батлуулсны дараах эхний хэлэлцүүлгүүдийг цахимаар болон сургуулиудад зохион байгуулж, 6000 гаруй хүүхдийг хамруулсан байна. Үүнээс 1700 гаруй хүүхэдтэй биечлэн хэлэлцүүлэг хийж, 606 хүүхдээс судалгаа авчээ.

Судалгааны үр дүнгээс онцолбол:

Судалгаанд оролцогчдын 81.4 хувь нь өдөрт гурваас дээш цагийг цахим орчинд өнгөрүүлдэг.
Үүнээс 41.0 хувь нь таваас дээш цагийг дэлгэцийн өмнө өнгөрүүлж байгаа нь анхаарал татах тоо баримт болж байна.
Хамгийн түгээмэл ашигладаг платформ нь:

-Instagram 84.7 хувь

-YouTube 58.6 хувь

-TikTok 53.1 хувь байна.

Түүнчлэн хүүхдүүд цахим орчинд олон төрлийн эрсдэлтэй тулгарч буйг судалгааны дүгнэлт харуулж байгаа юм. Судалгаанд оролцсон хүүхдүүдийн

 -37.3 хувь нь танихгүй хүнээс ирсэн чат, мессеж хүлээн авч байсан

-26.7 хувь нь хуурамч хаяг, залилан

-22.4 хувь нь бэлгийн агуулгатай контент

-18.3 хувь нь цахим дээрэлхэлт, доромжлол

-11.1 хувь нь амиа хорлох, өөрийгөө гэмтээхийг өдөөсөн контенттой тулгарч байсан гэж хариулжээ.

Хүүхдүүдийн 70 хувь нь цахим орчин дахь хамгаалалтын арга хэмжээ, зохицуулалтыг дэмжиж байгаагаа хэлэлцүүлгийн үеэр төдийгүй судалгааны асуумжаар ч илэрхийлсэн.

Мөн 88.1 хувь нь насанд тохироогүй контентыг хязгаарлах, 84.7 хувь нь ёс бус сэтгэгдлийг автоматаар устгах, 84.3 хувь нь байршлын мэдээллийг хамгаалах, 81.7 хувь нь хувийн хаягийг хаалттай болгох, 79.4 хувь нь танихгүй хүнээс чат бичихийг хязгаарлах шаардлагатай гэж үзсэн байна.

Хэлэлцүүлэг цаашид үргэлжилж, бүх оролцогч талыг хамруулах юм.

Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн албан даалгаврын хэрэгжилтийг хангах хүрээнд Шадар сайд, Улсын Онцгой комиссын даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг орон нутагт хяналт шалгалтын ажлыг эхлүүллээ.

Ажлын хэсэг өнөөдөр Дархан-Уул аймагт ажиллаж, иргэдийн ажиллаж, амьдарч, сурч буй орчин, барилга байгууламж, нийтийн эзэмшлийн талбай, хүүхдийн тоглоомын болон хөгжлийн орчин зэрэг бүх чиглэлээр эрсдэлийн үнэлгээ, хяналт шалгалт хийх ажлыг зохион байгуулах даалгавар өглөө.

Шадар сайд Н.Номтойбаяр хэлэхдээ “Өмнө нь 1360 объектод хийсэн хяналт шалгалтын дүнд нийт 5270 зөрчил илэрсэн нь нэг объект тутамд дунджаар хоёроос доошгүй зөрчил бүртгэгдсэн гэсэн үзүүлэлт юм. Энэ нь холбогдох стандарт, дүрэм журам хангалттай мөрдөгдөхгүй байгааг харуулж байна. Тиймээс нүглийн нүдийг гурилаар хуурахгүйгээр бодит үнэнтэйгээ нүүр тулъя, бүгдийг шалгая, эрсдэл үүсэхээс өмнө таслан зогсооё, дахиж хүний амь эрсдэх ёсгүй” гэв.

Хяналт шалгалтыг бодит нөхцөл байдалд тулгуурлан, зөрчил дутагдлыг нууж хаалгүйгээр илрүүлж, эрсдэл гарахаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зарчмаар зохион байгуулах юм.

Иргэдийн аюулгүй орчинд ажиллаж, амьдарч, сурч хөгжих нөхцөлийг бүрдүүлэхэд төрийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэн бүрийн хамтын оролцоо чухал байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Нисгэгчгүй нисэх төхөөрөмж жолоодлогын Олон улсын тэмцээнийг манай улс анх удаа зохион байгууллаа.  Тэмцээнд Монгол, Япон,  Бүгд Найрамдах Беларусь, Бүгд Найрамдах Казакстан, БНСУ, БНХАУ, ОХУ-ын 52 тамирчин оролцов.  Тэмцээн Улаанбаатар хотод хоёр өдөр үргэлжлэн өнөөдөр шилдгүүдээ тодрууллаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал тэмцээний хаалтын үйл ажиллагаанд оролцож зохион байгуулагчид,  баг тамирчид, салбарынханд баяр хүргэж, үг хэллээ.

Монгол Улсад дрон технологийг уул уурхай, эрчим хүч, хөдөө аж ахуй, онцгой байдал, дэд бүтцийн хяналт, хүргэлтийн үйлчилгээ зэрэг бодит хэрэгцээтэй салбаруудаас эхлэн үе шаттай нэвтрүүлэх нь зүйтэй. Туршилтаар батлагдсан, эдийн засгийн үр ашигтай, аюулгүй шийдлүүдийг төр бодлогоор дэмжиж, хувийн хэвшил хөрөнгө оруулалтаар тэлэх ёстойг хэллээ. Энэ салбар бол ирээдүйн залуучуудын салбар гэдгийг Ерөнхий сайд онцлоод Дрон инженерчлэл, кодчилол, нислэгийн удирдлага, дата боловсруулалт, хиймэл оюун, геомэдээллийн систем зэрэг шинэ ур чадварууд Монголын залуучуудад дэлхийн зах зээлд өрсөлдөх боломжийг нээж байна гэв.

Дэлхийн дроны зах зээл ихээхэн тэлж, ирээдүйд дэлхийн эдийн засаг, технологийн салбарт хөрөнгө оруулалтаараа түүчээлэх нь тодорхой байна. Манай улс техник, технологийн энэхүү хурдтай хөгжлийг цаг алдалгүй нэвтрүүлэх асуудлыг Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болон Цахим үндэстэн болох зорилтууддаа тусган, өндөр технологийг нутагшуулах, хүний нөөцийг бэлтгэх асуудлыг төрийн бодлогын хэмжээнд анхаарч байна. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэх олон талт үйл ажиллагааны нэг чиглэл нь нисэгчгүй нисэх хэрэгслийн хэрэглээ, хөгжүүлэлт, ашиглалтыг нэмэгдүүлэх явдал юм гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэв.

Тамирчин залуусын хувьд Олон улсын тэмцээнийг эх орондоо зохион байгуулсанд сэтгэл хангалуун байгаагаагаа илэрхийлж байв. Манай улс Нисгэгчгүй нисэх төхөөрөмж жолоодлогын тэмцээнийг энэ жилийн нэгдүгээр сард албан ёсоор спорт хэмээн бүртгэсэн байна.

Монгол орон өргөн уудам газар нутагтай, хүн амын суурьшил харьцангуй сийрэг, уул уурхай, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, эрчим хүч, тээвэр логистик, онцгой байдал, байгаль орчны хяналт зэрэг салбар алслагдсан орон зайд үйл ажиллагаа явуулдаг. Энэ нь нисгэгчгүй технологийг бодитоор нэвтрүүлэх маш том боломж болдог байна. Дрон технологи нь хүний амь нас аврах, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хамгаалах зэрэг маш олон салбарт амжилттай нэвтэрч хурдтай хөгжиж байгаа юм.

Монголын дрон нисгэгчдийн холбооны ТУЗ-ийн дарга И.Наранбаатар хэлэхдээ, Нисгэгчгүй нисэх төхөөрөмж жолоодлогын “DRONECON 2026” олон улсын тэмцээн нь зөвхөн шилдэг жолоодогч тамирчдыг тодруулаад зогсохгүй, орчин үеийн дэвшилтэт технологийг нутагшуулах, Монгол залуусын техникийн сэтгэлгээ, инженерчлэлийн ур чадварыг дэлхийн түвшинд гаргах, олон улсын баг тамирчдын мэдлэг, туршлагыг харилцан солилцох чухал талбар болсон гэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 26 дугаар захирамжаар байгуулагдсан “Дэлхийн адууны өдөр”-ийг зохион байгуулах ажлын хэсгийн ээлжит хурал \2026.05.25\ боллоо.

Хурлаар “Дэлхийн адууны өдөр” арга хэмжээний соёл, урлагийн үйл ажиллагаа, зохион байгуулалтын явц, олон улсын зочид төлөөлөгчдийг хүлээн авах бэлтгэл, дэд бүтэц, цахилгаан дамжуулах шугам, эрчим хүчний эх үүсвэр, морьт жагсаал зохион байгуулах бэлтгэл ажил болон бусад холбогдох асуудлыг хэлэлцэв.

Мөн ажлын хэсгийн гишүүд ажил, үйл ажиллагааны явцыг танилцуулж, санал солилцсон бөгөөд дэд бүтэц, эрчим хүчний хангамж, орон нутгаас ирж оролцох морьдын тээвэрлэлт, бэлчээрийн зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Мал эмнэлгийн ерөнхий газраас гадаад улс орноос оролцох морьд тухайн улсдаа 21 хоногийн тусгаарлалтад хамрагдсан байх, вакцины гэрчилгээ, шинжилгээний баримт бичгийг үндэслэн оролцуулах талаар мэдээлэв. Харин орон нутгаас оролцох морьдыг тухайн аймгийн Мал эмнэлгийн газрын тодорхойлолтод үндэслэн бүртгэж, оролцуулахаар тогтсон тухай танилцууллаа.

Шадар сайд Н.Номтойбаяр 2026 оны долоодугаар сарын 11-13-нд болох “Дэлхийн адууны өдөр” -ийг төлөвлөгөөний дагуу өндөр зохион байгуулалттай хэрэгжүүлэх, морьдын бүртгэлийг иргэдэд хүндрэл, чирэгдэлгүй хийх, дэд ажлын хэсгүүдийн бэлтгэл ажлыг газар дээр нь шалгах, дараагийн хурлыг “Хүй долоон худаг”-т зохион байгуулах зэрэг үүрэг, чиглэл өглөө.

Засгийн газраас “Атар-IV” аяны хүрээнд бэлчээрийн мал аж ахуйн үйлдвэрлэл, хөгжлийг дэмжих хүрээнд “Нутагтаа эзэн 100:1000” төслийг эхлүүлж байна. Тус төслийн нээлт өнөөдөр /2025.05.24/ Дархан хотод болж, Засгийн газар, УИХ-ын гишүүд, сумын Засаг дарга нар, хоршоодын гишүүд, малчдын төлөөлөл оролцов.

Ерөнхий сайд Н.Учрал төслийг нээж хэлсэн үгэндээ, ХХААХҮЯ-наас санаачлан өрнүүлж буй “НУТАГТАА ЭЗЭН 100:1000” төслийг Засгийн газрын тэргүүний хувьд бүрэн дэмжиж ажиллана. Нутагтаа эзэн төслийн гараа болж энэ жил 1000 баг тус бүрд 100 мянган га-д ногоон тэжээл тариална. Энэ ажилд Засаг дарга нар онцгой анхаарч, манлайлан ажиллахыг үүрэг болгов.

Ерөнхий сайд Н.Учрал, ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат нар төслийг хэрэгжүүлэгч сумдын Засаг дарга нарт батламж гардууллаа. Батламжийн хамт “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-иас төсөл хэрэгжих сумдад гурван төрлийн тэжээлийн таримлын үр олгож байна. Тухайлбал, хошуу будааны үр 12000 кг, улаанбуудайны үр 5000 кг, судан өвсний үр 870 кг-ыг тус тус олгож, агро технологийн зөвлөмжийг хүргэв. Мөн цөлжилтөөс сэргийлэх, таримлаа хамгаалах зорилгоор сум бүрд 1000 модны үр, нүх ухагчийн хамт олгож байна.

Төслийн эхний шат Хэнтий, Дорнод, Говьсүмбэр, Баян-Өлгий, Сүхбаатар зэрэг 17 аймгийн 25 сумын 25 багт хэрэгжих бөгөөд баг тус бүр 100 га-д ногоон тэжээл тариална.

Байгаль цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалсан ган, зуд, салхи шуурганы улмаас манай улсад бэлчээрийн доройтол сүүлийн жилүүдэд эрчимжиж байна. Тиймээс Монгол Улсын 1626 багаас 1071-д нь ногоон тэжээл тариалах шаардлагатай тул дараа, дараагийн шатанд бусад сумыг үе шаттай хамруулахаар төлөвлөжээ.

Улсын хэмжээнд эргэлтэд оруулаагүй атаршсан 112,265 га талбай байдаг, энэ талбайг ашиглан төсөл хэрэгжих аймаг, сумын малчид хоршин ногоон тэжээл тариалж, хэрэгцээгээ хангахаас гадна илүү гарсан тэжээлээ зах зээлд борлуулах боломжтой.

Монгол оронд сүүлийн 30 жилд уур амьсгалын өөрчлөлт хүчтэй нөлөөлж, ган, зудаас болж малгүй болсон 730 орчим мянган хүн хот суурин руу шилжсэн байна.

Төсөл хэрэгжих байршил

Аймаг Сум Талбайн хэмжээ, га
1 Дорнод Булган 100
2 Цагаан-Овоо 100
3 Чойбалсан 100
4 Хэнтий Баян-Овоо 100
5 Баянхутаг 100
6 Өмнөдэлгэр 100
7 Сүхбаатар Уулбаян 100
8 Мөнххаан 100
9 Эрдэнэцагаан 100
10 Дорноговь Даланжаргалан 100
11 Говь-Сүмбэр Сүмбэр 100
12 Дундговь Эрдэнэдалай 50
13 Сайхан-Овоо 50
14 Өмнөговь Ханхонгор 100
15 Өвөрхангай Уянга 45
16 Есөнзүйл 55
17 Баянхонгор Жаргалант 100
18 Говь-Алтай Дэлгэр 100
19 Ховд Эрдэнэбүрэн 100
20 Баян-Өлгий Толбо 100
21 Завхан Түдэвтэй 100
22 Хөвсгөл Их-Уул 100
23 Булган Гурванбулаг 100
24 Архангай Цэнхэр 100
25 Төв Баян-Өнжүүл 100
Нийт 2,300

Засгийн газрын 2026 оны тавдугаар сарын 06-ны хуралдааны тэмдэглэлээр Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яам, Боловсролын яам, Эрүүл мэндийн яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны төлөөллийг оролцуулан “Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны Улсын хэлэлцээр байгуулахыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакирт даалгасан.

Улсын хэлэлцээрийн төсөлд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос 52 санал, ажил олгогчдын байгууллагаас 30 санал, яамдаас 27 санал, нийт 109 санал ирүүлснийг ажлын хэсэг хэлэлцэн боловсруулж, Улсын хэлэлцээг эхлүүлэхэд бэлэн болсон.

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих; хөдөлмөрлөх эрх, нийгмийн хамгааллын баталгааг хангах; цалин хөлс, орлогыг нэмэгдүүлэх; нийгмийн түншлэл, тэгш байдлыг дэмжих бодлогын хүрээнд Улсын хэлэлцээрийн төслийг боловсруулсан болно.

Өнөөдөр “Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны Улсын хэлэлцээр” байгуулах бүрэлдэхүүн, тов зэргийг тогтох, хэлэлцээрийн төслөөс онцлон анхаарах асуудлыг хэлэлцэн, гурван талт хамтарсан уулзалт зохион байгууллаа.

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны 2026 оны 02 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг “Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны Улсын хэлэлцээр”-ийн төслийг боловсруулж, хэлэлцээр байгуулахад бэлэн болсон тул ойрын хугацаанд Улсын хэлэлцээр байгуулахаар талууд санал нэгдэв.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар © 2025 он.