ЕРӨНХИЙ САЙД Ч.САЙХАНБИЛЭГИЙН УИХ-ЫН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНД ХЭЛСЭН ҮГ

2014-11-21   Уншсан тоо: 726

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ЧИМЭДИЙН САЙХАНБИЛЭГИЙН

УИХ-ЫН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНД ХЭЛСЭН ҮГ
 
Монгол Улсын Ерөнхий сайдын хүндтэй, хариуцлагатай албанд томилох шийдвэр гарган дэмжсэн АН-ын болон ҮЗХ-ны нийт гишүүд, УИХ дахь АН-ын бүлгийн бүх гишүүд, 2012 оноос эхлэн хамтарсан Засгийн газрыг байгуулан хүчин зүтгэж байгаа МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, эвслийн бүлгийн нийт гишүүд, ИЗНН-ын Парламент дахь гишүүд, бие даагч гишүүддээ өнөөдөр сэтгэлийнхээ үг, захиас, саналыг харамгүй хайрласан та бүхэндээ гүн талархлаа илэрхийлье.
Мөн нэг их зорилгын төлөө хоёргүй сэтгэлээр хамтран нэг баг болж зүтгэсэн Монгол Улсын 27 дахь ЕС Н.Алтанхуяг, Засгийн газрын нэг танхимын нийт нөхөддөө сайн сайхныг хүсч, та бүхний бүтээлч, хөдөлмөрч, уйгагүй чанаруудыг үргэлжлүүлэн ажиллана гэдгээ илэрхийлж байна.
Өнөөдөр санал хураалтад хэдийгээр дэмжиж оролцоогүй ч УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар бүтэн 6 цагийн турш улс орны өмнө тулгамдаад байгаа асуудлууд, шийдвэрлэх арга замын олон асуудлаар санал нэг байсан МАН-ын бүлгийн гишүүд та бүхэнтэй ч улс орны эрх ашигтай холбоотой олон чухал асуудлаар цаашид хамтран ажиллах шаардлага гарна гэдэгт итгэж байгаагаа энэ дашрамд илэрхийлье.
Надад их итгэл хүлээлгэн намайг УИХ-д зөвшилцөн оруулж хэлэлцүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчид талархлаа илэрхийлэхийн ялдамд хэдхэн хоногийн өмнө АН-ын даргаар сонгогдсон УИХ-ын даргад баяр хүргэж, Монгол Улсын үндэсний эрх ашиг, ард иргэдийнхээ сайн сайхны төлөө та бүхэнтэй мөр зэрэгцэн нэг баг болж их үйлсийн төлөө хамтран зүтгэж чадна гэдгээ энэ индрээс илэрхийлж байна.
 
Монгол Улсын шинээр томилогдсон Ерөнхий сайдын хувьд шинэЗасгийн газраас чухам юуг хийж бүтээх талаар товч үг хэлье.
Хүн бүр янз бүрээр ярьж маргалдаад байгаа хүндрэлтэй байдал, хэцүү байдал,  эдийн засгийн эсхүл төлбөрийн тэнцлийн хямрал гэдэг эцэс төгсгөлгүй маргаанаа орхиод одоо улс орон ХЯМРАЛТАЙ БАЙНА гэдгээ юуны өмнө шууд хүлээн зөвшөөрцгөөе.
Төгрөгийн ханш суларлаа, хөрөнгө оруулалт огцом буурлаа, аж ахуйн нэгжүүд хаалгаа барьж байна, өрийн сүлжээ газар авлаа гэсэн эцэс төгсгөлгүй олон зүйлсийг энд дахин нуршмааргүй байна.
Одоо харин үүсээд байгаа нөхцөл байдлаас хэрхэн гарах вэ гэдэг чухал. Шинээр байгуулагдах Засгийн газрын тэргүүлэх гол чиглэл юу байх вэ.
Шинэ Засгийн газар 3 чиглэлд гол ач холбогдол өгч ажиллана. Үүнд: 1. Эдийн засаг    2. Эдийн засаг 3. Эдийн засаг байх болно.
Эдийн засгийн энэ асуудлын угтвар нөхцөл нь улс төрийн тогтвортой байдал, харин дагавар үр дүн нь ард иИргэдийн аж амьдрал байх болно.
 
Шинэ Засгийн газрын гол шинж нь:
  • Дэмжлэгтэй ЗГ            
  • Шийдлийн ЗГ                               
  • Шуурхай ЗГ байх болно.
 
1)  Энэ хямралаас бид зөвхөн олон жил хурсан хүнд асуудлуудыг шийдэж байж л гарна. Хүнд шийдвэрүүд гаргахад хүссэн хүсээгүй парламент дахь дийлэнх олонхид л бид тулгуурлах учиртай.
2)  Бидний гарах шийдвэрийг хэзээ ч 100% алга ташин хүлээж авахгүй нь ойлгомжтой. Зарим шийдвэр өнөөдөр утгагүй, алдаатай мэт санагдавч маргааш нь үр дүнгээ өгөх шийдвэрүүд ч хүлээж байна. Улс төрөөс болж олон жил хойш тавьсан, хулгасан, халгасан хэцүү шийдвэрүүдийг бид гаргаж гэмээ нь хямралаас гарах хугацааг наашлуулна. Гол нь шийдэл гаргах чадвар, зориг зүрх бүхий л шийдлийн ЗГ бий болох учиртай.
3) Танхим шуурхай ажиллах ёстой. Эдийн засгийн чухал асуудлуудыг штабын маягийн зохион байгуулалт, хурдаар шийдэх учиртай. Шинэ Засгийн газарт цаг хугацааны “Аль болох хурдан” гэдэг ганцхан хэмжээс үйлчлэх болно. Ерөнхий сайдын зүгээс өдөр тутмын салбарын асуудлуудын эрх мэдлийг сайд нарт бүрэн шилжүүлж зөвхөн эдийн засгийн асуудлуудад гол анхаарлаа хандуулна. Иймд Сайд болгон салбартаа Ерөнхий сайд нь байх учиртай.
 
Бид үүсээд байгаа хямралаа зөв оношлох хэрэгтэй бөгөөд энэ нь мэдээж гадаад хүчин зүйлтэй холбоотой эхэлсэн. Манай гол экспортлогч Хятадын эдийн засгийн өсөлтийн хурд саармагжсан, нүүрс, төмрийн хүдрийн үнэ унасан, саяхнаас алтны үнийн огцом уналт байдлыг улам дордуулж байна. Гэхдээ энэ хямралын гол буруутан нь бид өөрсдөө.
Өнөөдрийн энэхямрал нэг өдрийн дотор бий болоогүй ээ. 2007-2008 оны нүүрсний болон зэсийн үнийн огцом өсөлт биднийг тэрүүхэн хугацаанд олсныхоо хэрээр зардлаа өсгөдөг муу занд сургаж амжсан. Оюу толгойн анхны хөрөнгө оруулалт, долларын их урсгал биднийг дандаа ийм байх юм шиг, дангаараа бид хөгжиж чадах юм шиг ойлголтыг ч зарим хүндтөрүүлсэнюм. Сонгуулийн бэлэн мөнгөний том амлалтууд, түүний хэрэгжилт, улс төр тойрсон  популизм, арилжааны зээлийг бүгдээрэнд нь бэлнээр тараадаг шинэ үзэгдэл оноогийн энэ байдлынүндсэн шалтгаан болсон юм.
Нөгөөтэйгүүр эргэн харахад гадаадын хөрөнгө оруулалтыг үргээх чиглэлээр бид хамтдаа нилээн хүчин зүтгэл гаргажиржээ. Тухайлбал, 2012 оны УИХ-ын сонгуулийн өмнөхөн Стратегийн салбар дахь Хөрөнгө оруулалтын тухай хууль, Урт нэртэй хуулиудыгбаталж, хөрөнгө оруулагчдаа бид цочирдуулсан. Хайгуулаар орж ирдэг хөрөнгөоруулалтын урсгалаа зогсоосон. 106 лицензийг шүүхээр цуцалж, түүнийг тойрсон олон улс дахь үр дагавар, Оюу толгойг тойрсон эрүүл бус улс төржилт, Таван толгой төслийг гацаасан үйл явдлын өрнөлт, улс төрчдийн цагаа олоогүй, популизм нэвт ханхалсан хэвлэлийн бага хурлууд, гадны дотны хоронго оруулагчдыг хорьсон,барьсан,цагдсан хууль хяналтын байгууллагуудтай холбоотой мэдээнүүд энэ бүхнийхээ төлбөрийг бид өнөөдөр өөрсдийн хармаанд байгаа монгол төгрөгөөрөө, эдийн засгийн өсөлтийнхөө аажмаар буурч байгаа үр дүнгээрээ төлсөөр сууна. 
 
Одоо улс төрөө хойш тавьж, ултай суурьтай асуудлаа шийдэх цаг болжээ. Энэ хямралыг Бид өөрсдөө бий болгосон, энэ хямралыг Бид өөрсдөө л засах ёстой.  Энэхүү хямралаас яаж гарах вэ?
 
Хямралаас гарах үйл ажиллагаагаа 2 түвшинд авч үзэх ёстой.
1-рт, Урт болон дунд хугацаанд хийх ажил. Бид эдийн засгаа системээр нь нэг оношлох цаг болсон. Нартай өдөр найрлаж, бороотой өдрүүдэд бэмбэгнэж суудаг байдлаасаа гарцгаая. Бороотой өдрүүд эхлэхэд хөрөнгийн хангалттай нөөцтэй, менежментийн зөв тогтолцоотой, эрсдэлийн шуурхай удирдлагатай эдийн засгаа одооноос бий болгоцгооё.
Эдийн засгаа солонгоруулах бодлогоо жинхэнэ ажил хэрэг болгоё. Эхний ээлжинд аялал жуулчлал, мэдээллийн технологи, ХАА тэр дундаа мах, ноолуурын салбараа уул уурхайтайгаа зэрэгцүүлье.
Урт болон дунд хугацааны бодлогоо зангидах Эдийн засгийн Үндэсний зөвлөлийг Ерөнхий сайдын дэргэд эрдэмтэд, судлаачид, эдийн засагчид, бизнесийнхэн, гадна дотны зөвлөхүүдийг оролцуулан байгуулах болно.
2-рт, Ойрын хугацаанд хийх ажлаа танилцуулъя. Энэ ажлын үндсэн суурь нь 2014 онд баталсан УИХ-ын 34-р тогтоолд заасан арга хэмжээнүүдийг бүрэн утгаар нь хэрэгжүүлэх үйл ажиллагаа болох учиртай.
Юуны өмнө Хөрөнгө оруулалт, Хөнгөлөлттэй зээл хоёрын зөв хослол дээр суурилсан өрийн удирдлагын шинэ тогтолцоог бий болгоно.
“Засгийн газрын гадаад өрийн үйлчилгээний цогц төлөвлөгөө”-г боловсруулж, энэ хүрээнд төсвийн зохистой бодлого болон өрийн удирдлагыг оновчтой хэрэгжүүлэх, макро эдийн засгийн гадаад, дотоод тэнцвэрийг хангах арга хэмжээг тусгах болно.
Бидэнд өнөө маргаашдаа бэлэн мөнгөний шинэ урсгал яаралтай бий болгох бодит шаардлага байна.
Энэ оны эхнээс эхэлсэн ажлаа дуусган Хөрөнгө оруулалтын санг байгуулна. Манай зарим арилжааны банкны гаднаас хөрөнгө босгох үйл ажиллагааг Засгийн газрын зүгээс дэмжинэ. Мөн зарим томоохон төслийг хөдөлгөснөөр урьдчилгаа төлбөрийн асуудлыг шийднэ. Ингэснээр ам.долларын ханшийн өсөлтийн эсрэг эерэг дохиог зах зээлд өгөх юм. 
Нөгөө талаас, долларын ханшид сар тутам 100 сая ам.долларын дарамт учруулдаг шатахууны импортод яаралтай 2 арга хэмжээ авна. Ирэх 12 сард багтаан ОХУ-ын Төв банктай своп хэлцэл байгуулна. Нөгөөтэйгүүр, ОХУ-тай хийх гадаад худалдаагаа рублиэр хийдэг тогтолцоонд шилжүүлнэ. Ингэснээр манай долларын хамгийн том зардал рубльд шилжиж, ханшид шууд эерэг нөлөөлөл бий болох юм.
БНХАУ-ын дарга Си Жин Пиний Монгол Улсад айлчлахдаа амласан 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийг авч эргэлтэд оруулах ёстой. Бид цаашдаа алдаан дээрээсээ суралцан 30,40 жилийн дараа төлөх, бага хүүтэй, урт хугацааны хөнгөлөлттэй зээлээр зам, төмөр зам болон дэд бүтцийн удаан хугацаанд үр ашгаа нөхдөг төслүүдийг санхүүжүүлэх, харин бондын богино хугацаатай, хүү харьцангуй өндөр зээлээр үйлдвэрийн төслүүдээ санхүүжүүлж байх зарчимд шилжицгээе. Дээрх хөнгөлөлттэй зээлийг авснаар зам болон төмөр зам руу хийсэн Чингис бондын хөрөнгөө суллаж авах бололцоотой болох юм.
Суларсан бондын мөнгөө хувийн хэвшлийнхэнд зориулсан Хөрөнгө оруулалтын баталгааны сан байгуулах, үр ашиг бүхий экспортыг дэмжсэн, импортыг орлосон үйлдвэрийн төслүүдийг санхүүжүүлэх, 2017 онд хийгдэх бондын төлбөр хийх бэлтгэлээ хангахад тус тус зориулах боломжтой болно.
Хамгийн гол нь Хямралаас бид Хувийн хэвшлээ дэмжиж, бизнесээ тэлсэн бодлогоор л гарна. Бизнесийн орчинг ээлтэй болгох бодлогоо эрчимжүүлж, тусгай зөвшөөрөл лицензийн хуулиа баталж, хяналтын реформоо дуусгаж, бизнесийнхэнд үзүүлж буй хууль хяналтын байгууллагууд, татвар гаалийнхны дарамтыг хөнгөлөх ажлаа бодитой үр дүнд хүргэх ёстой. Энэ хүрээнд эдийн засгийн ил тод байдлын хуулиа бид батлан гаргах ёстой.
 
2008-2009 оны санхүүгийн хямралын үед бусад оронд үр дүнтэй хэрэглэсэн “bail out”-н аргыг одоо бид хэрэглэх цаг болсон. Компаниуд банкнаас нэмж зээл авах, барьцаалах хөрөнгө үндсэндээ байхгүй болж, бие биетэйгээ авлага өглөгийн асар том сүлжээ үүсгээд байна. Иймд компанийн хувьцаа, өөрийн үнэлгээг барьцаалан зээлжих шинэ бололцоог энэхүү үйл ажиллагааны хүрээнд бий болгоно.
1990-ээд оны эхээр хүн болгон ганзаганд гарч байсан шиг компани болгон гаднаас хөрөнгө босгохоор гарах цаг иржээ. Манай хувийнхан хүч хөдөлмөрөө гарган Тэвшийн говийн болон Бөөрөлжүүтийн тус бүр 600 мвт цахилгаан станцууд барих төсөлд нийт 2 тэрбум гаруй ам.долларын хөрөнгийг өөрсдөө саяхан босгож чадлаа. Цаашид хувийнхны оруулж ирэх ийм хөрөнгө оруулалтыг дэмжиж төрөөс баталгаа гаргах тусгай санг яаралтай байгуулна.
Бид тамын тогооны үлгэрээ орхиж, одоо төр засгийн бодлогоор үндэсний том компаниудаа гаргах цаг болжээ. Энэ компаниудын ард дунд хэмжээний 1000, тэдний ард 10 000 жижиг аж ахуйн нэгж өөрөө өндийх болно. Орон сууцны моргейж бид ярьж эхлүүлж чадсан. Одоо жижиг бизнесээ дэмжих бизнесийн моргейжийг гаргаж ирэх цаг нь болжээ.
 
Бид Том төслүүдээ урагш түлхэнэ. Нүүрснээс хий, шингэн гаргах, хос төмөр зам, Талын зам төслүүдээ урагшлуулж, ирэх жилдээ 900-1200 мегаватт чадал бүхий цахилгаан станцуудын  2 төслөө эхлүүлнэ. УБ дахь хурдны зам, шинэ онгоцны буудал, нисэх буудлын хурдны зам болон Дорнод, баруун 5 аймгийн замын төслөө 2016 оноос өмнө амжуулна.
Монгол руу хөрөнгө оруулах сонирхол бүхий 180 компаниас авсан судалгаагаар 140 нь Оюу толгой, Таван толгойн асуудал хэрхэн шийдэгдэхээс тэдний шийдвэр шалтгаална гэж хариулсан байна. Бид урт нас, удаан жаргалтай энэ 2 том төслөө улс төрийг нь орхиж, бизнес утгаар нь хүссэн хүсээгүй шийдэх л учиртай. Шинэ Засгийн газар энэ 2 төслийг хөдөлгөх шийдвэрээ удахгүй УИХ-д танилцуулан нэг тийш болгоно.
Оюу толгой, Таван толгойн араас Засгийн газар дэлхийн санхүүгийн төвүүд болох Хонконг, Нью-Йорк, Лондонд хөрөнгө оруулалтын чуулган, уулзалтуудыг хувийн хэвшлийнхэнтэйгээ хамтран зохион байгуулж, Монгол руу чиглэх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх идэвхтэй үйл ажиллагаа явуулна.
Бид олон жил Оюу толгой, Таван толгой гэж ярилаа. Одоо ядаж 2-3 стратегийн орд газруудыг нэмж хөдөлгөх цаг болсон. Ингэж байж л Баялгийн сан зохих хөрөнгөтэй болно, монгол хүн бүрийн гар дээр байгаа хувьцаа үнэтэй утгатай болно.
 
Гадны хөрөнгө шууд орж ирдэг хайгуулын ажлаа зөв зохион байгуулах учиртай. Зэрлэг капитализм шиг хэн хамаагүй, хаана хамаагүй аргаар бус үе шаттай, зөв зохион байгуулалттай зарчим дээр суурилсан бодлоготойгоор энэ ажлаа ирэх хавраас өмнө бэлтгэлийг нь хангана.
Саяхан УИХ 2015 оны төсвийг, ялангуяа урсгал зардал талдаа нэлээн танаж баталсан. Зөв зүйтэй энэ алхмыг үргэлжлүүлж, хүссэн хүсээгүй Шинэ Засгийн газар ирэх оны орлого талдаа дахин нэг их наядын асуудлыг төсвийн тодотголоор бодитой болгож, бууруулж оруулж ирэхээс өөр аргагүй болно. Мэдээж шинэ орлого урсгал орж ирвэл бид зарах зүйлээ амархан олдог. Гэхдээ одооноос бид асуудлаа амьдралд ойртуулж бодитоор нь төлөвлөх ёстой.
 
Хөрөнгийн биржээ хөдөлгөөнд оруулж хоёр дахь зах зээлийг хувийн хэвшил, иргэддээ нээх асуудлаа барьж авах цаг болсоон.
Төрийн өмчийг эзэнжүүлэх ажил бидний гол анхаарах асуудал байна. Хувьчилсны дараа төр ядаж 51%-ийг эзэмшдэг одоогийн хувилбарыг шинэчилнэ. Төр үнэхээр хувь эзэмших шаардлагатай юм бол хяналтын багцын 34% байхад л хангалттай. Харин тухайн төрийн өмчийн компанийн 51 ба дээших хувийг хувийнхан эзэмшиж хувийнхан менежментээ хариуцдаг шинэ зарчимд шилжинэ. Хувьчлалын дараах төрийн өмчүүдээ нэгтгэн Сингапурын Темасек маягийн тогтолцоонд шилжин хувь хувьцаа, хөрөнгө дивиденд дээр нь суурилсан шинэ Баялгийн сан байгуулж ард иргэдээ хөрөнгөжүүлэх нь манай хөгжлийн зөв зам байх болно.
 
Төрийн өмчийг эзэнжүүлэх ажил зөвхөн бизнесийн салбараар хязгаарлагдах учиргүй. Нийгмийн салбарт хувьчлалыг эхлүүлж үйлчилгээнд нь компанийн засаглалын шинжийг нэвтрүүлэх том реформыг бид эхлүүлнэ.
Биднийг 2017 оноос зөвхөн бондын эргэн төлөлт хүлээж байгаа ч юм биш. Нийгмийн даатгалын сан дээрх өр төлбөр 2017 оноос өөрийгөө бас мэдрүүлж эхэлнэ. Иймд Нийгмийн даатгалын санг шинэ зохион байгуулалтад оруулж, Скандинав, Чилийн туршлагаар менежментийг өөрчилснөөр хөрөнгө оруулалтын сангийн шинэ төрхөнд оруулна. Ингэснээр 2017 оноос бондын өрөөс гадна нийгмийн даатгал, тэтгэвэр гэсэн дараагийн нуман тулгуураас гарах бэлтгэлээ одооноос базаах учиртай.
 
Эрхэм гишүүд ээ,
 
Уинстон Черчилль Дэлхийн 2-р дайны өмнөхөн Английн ард түмэнд хандан "хөлс, цус, нулимс 3-г л амлаж чадах нь" гэж хэлж байсан. Түүнтэй нэгэн адил Энэ хямралаас бид Ойлголцол, шийдэл, зүтгэл, гурваар л гарч чадна. Засгийн газар үнэхээр зовлонтой шийдвэрүүд гаргахаас өөр аргагүй болно. УИХ ч улс орноо бодож, улс төрөө хойш тавьж, дэмжиж өгөөрэй гэж хүсье.
Зарим хүний ярьдагчлан бид лидерийн хомсдолд ороогүй ээ, харин шийдвэр гаргалтын хомсдолд л ороод байна.
Засаг солигдох саяны хоёр долоо хоног хэвлэл мэдээлэл, сошиал ертөнцөд жинхэнэ “амралтын улирал” өрнөлөө, нийгэм асар их талцлаа, арай дэндүү улс төржлөө. Одоо ах дүү нар аа, амралтын улирал өндөрлөлөө, хүнд хэцүү хямралаас гарах ажлын үе эхэллээ. Бөхийн ямар ч засуул атаархам бие биесээ цоллохоо орхиж ажил бизнес, ахуй амьдралаа дээш нь татах ажилдаа шамдан орцгооёо.
 
Хүн БУДАХ биш ажил БОДОХ цаг ирлээ.
Хувь хүн, хувийн хэвшил, төр засаг дор бүрнээ шамдацгаая. Одоо цалгардаж болсоон. Яам тамгынхан өнөөдрөөс эхлэн үндсэн ажилдаа ханцуй шамлан орцгоо. Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болно оо.
 
Шинээр томилогдсон Ерөнхий сайдын хувьд одоо танхимаа бүрдүүлэх ажилдаа шууд орно.
АН-ын ҮЗХ-ноос өгсөн чиглэлийн дагуу бид парламентад суудалтай бүх улс төрийн хүчинтэй шинэ Засгийн газар байгуулах асуудлаар ирэх өдрүүдэд зөвшилцөнө. Нэг хэсэг  нь эрх барьснаараа, нөгөө хэсэг нь хурц шүүмжилснээрээ рейтинг нэр хүнд нь суга өсөөд байгаа зүйл хэн хэнд нь алга, харин улс төрийн намуудын энэ их талцалд гутарсан, итгэл алдарсан олны тоо л нэмэгдэх хандлагатай байна. Энд манай танай гэдэг эрх ашгаас илүүтэй яаж ч даамжирч мэдэх хямралыг хэрхэн шийдэх үү гэдэг асуудал, нөгөөтэйгүүр улс төрийн намуудаас илүү зохион байгуулалтын болон хүний нөөцийн олонлог, хариуцлагаа бүрэн ухамсарладаг,  хүлээдэг өөр хүчтэй нэгдэл байхгүй гэдгийг нийгэмд ойлгуулах журамт үүрэг л биднийг хүлээж байна. Энэ үүргээ бид олонх цөөнх болж, хагарах бутрах замаар бус хамтарч нийлж зүтгэх замаар л биелүүлж чадна. Бид 2008-2009 оны энэнээс хүнд санхүүгийн хямралаас хамтдаа ингэж нийлж л гарсан.
Монгол Улс маань 3-хан сая хүн амтай, 10-хан тэрбум долларын эдийн засагтай улс. Бодлогын зөв өөрчлөлт, гацсан ганц хоёр асуудлуудыг байрнаас нь хөдөлгөлт, дэмжсэн, урагшлуулсан 2,3-хан том төсөл бидний хямралт байдлыг эрс өөрчлөх болно.
Тийм учраас үүрэг хариуцлагаа ухамсарлая, хэрэгтэй шийдвэрүүдээ зориг зүрхтэй гаргацгаая, өөдрөг байж, итгэл үнэмшилээ эргүүлж олж авцгаая, хамгийн гол нь эв нэгдлийг эрхэмлэж эх орноо бодон хамтдаа зүтгэцгээе.
 
Монгол орныг минь хөх тэнгэр нь мөнхөд ивээх болтугай.