Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн УИХ-ын Чуулганы нэгдсэн хуралдаанд хийсэн мэдээлэл

2014-12-19   Уншсан тоо: 734

УИХ-ын дарга,

Эрхэм гишүүд ээ,
 
Парламентад суудалтай улс төрийн бүх нам, эвсэл хамтран байгуулсан Монгол Улсын Засгийн газар байгуулагдаад яг 9 хонож байна. 9 хоног гэдэг бол бусад бүх Засгийн газрын хувьд ажилтайгаа дөнгөж танилцаж эхэлж байдаг хугацаа.Харин манай засгийн хувьд эрс шийдэмгий шийдвэр гаргах, энэ замаар явах уу үгүй юу, энэ ажлаа хийх үү үгүй юу гэдэг ээдрээт асуудлуудын хариуг өгөх тулгамдсан үе болоод байна. Их хүн Шекспирийн Орших уу, эс орших уу гэдэг алдарт ишлэлийг энд сануулахад ч хэтрүүлсэн болохгүй болов уу.
Бид өнөөдөр яг ямархуу байдалтай байна, Монгол гэдэг айл маань яаж шуухан аж төрж байна гэдгээ одоо илэн далангүй нэг ярьж авцгаая. Ингэж ярихын тулд эхлээд элдэв улс төрөө хойш тавья, хойтонгийн хойтон их хурлын сонгуультай гэдгээ түр мартацгаая, хэн нь илүү эх орончоороо ч уралдахаа зогсоё, энд тэндгүй бор хоногоо төөрүүлж байгаа хүмүүсийн зовлонгоор, хэн нь хүмүүст илүү хайртайгаараа популизм хийхээ ч орхиё. Асуудлуудаа эрүүл саруулаар, элдэв эмоцигүйгээр нэг ярьцгаая.
Хүндрэлийн асуудлууд маань эрт дээрээс улбаатай. Энд нэг хоёр Засгийн газар, хуруу дарам хэдхэн улс төрчдийг чичлэх гэвэл дахиад л буруу зам руугаа орно. Бид 25-хан жилийн хугацаанд бусад улсуудын хоёр, гурван зуун жилийн түүхийг, бас түүний алдаа оноог нь товчилж, монтажилж яваа ард түмээн. Парламентийн зургаахан сонгуулийн ард гарсан хэдий ч сонгууль бүрийн үр дүн нь байж болох бүх хувилбараар биднийг туршин, бид жинхэнэ утгаараа шалгуур бүрээр нь шүүлтэд орж, сонгуулиас сонгуульд хэрсүүжиж л явна. 
Шуудхан асуудалдаа ороход өнөөдөр бид нарын өмнө яг 2008-2009 оныхтой адил эдийн засгийн гэхээсээ илүүтэй төлбөрийн тэнцлийн, тэр нь даамжирвал санхүүгийн хямрал нүүрэлчихээд байна. Энэ бүхнээ зохицуулж чадахгүй бол эдийн засгийн хямралтай шууд нүүр тулна. Тэр үеийн хямрал дэлхий даяар явсан мөнгө санхүүгийн бодлого, үл хөдлөх хөрөнгийн болон хоёр дахь зах зээлийн хөөсөрсөн үнэ цэнэ, түүхий эдийн үнийн огцом бууралтаас шалтгаалсан, гадаад хүчин зүйлээс улбаатай байсан.
Харин энэ удаагийн хямралын үр үндсийг бид нэлээд хэдэн жилийн хугацаанд өөрсдөө бий болголоо. Дан ганц том төслийн хөрөнгө оруулалт, түүхий эдийн үнийн өсөлтөөс орж ирсэн орлогыг бэлнээр нь тараагаад, дутууг нь арилжааны зээлээр гүйцээх нь эдийн засгийн битгий хэл  улс төрийн хүссэн үр дүн авчирдаггүйг өнгөрсөн сонгуулиуд харуулсан. Бонд зээл хичнээн босгосон ч, байдгаараа эдийн засгаа тэлэх гэж оролдсон ч, нөгөө гараа тайрвал, бодлогоо зөв гаргаж, үр өгөөжөө зөв төлөвлөхгүй бол эдийн засаг хүссэнээр өсөхгүй байгааг бид харлаа.
Өнөөдөр Монгол гэдэг энэ айлын маань халаас, түрүүвч нь хэр зузаан байна вэ?
ДНБ оны үнээрээ 2014 оны 11 дүгээр сарын байдлаар 16,5 их наяд төгрөг байна.
Уул уурхайн болон хөдөө аж ахуйн салбарт 16 орчим хувийн өсөлт гарч, 2014 онд эдийн засгийн өсөлт 7 орчим хувьд хүрэхээр байгаа боловч, худалдаа болон барилгын салбар 5-10 хувиар унахаар байна.
Төсөв, мөнгөний тэлсэн бодлого явуулж, Засгийн газрын бондыг гадаад, дотоод зах зээлд их хэмжээгээр худалдаалах, Монголбанк болон Хөгжлийн банкнаас эдийн засагт их хэмжээний мөнгө оруулах замаар эдийн засгийн өсөлтийг 2013 онд хоёр оронтой тоонд хадгалж чадсан боловч, энэ инерци нь гадаад валютын орох урсгал төдийлөн нэмэгдээгүй үед эргээд төлбөрийн тэнцэлд дарамт учруулж, 2014 оны эхний 10 сарын байдлаар алдагдал 880 сая ам.долларт хүрч, гадаад валютын нөөц эрс буурлаа. Энэ нь төгрөгийн ханшийг огцом сулруулж, одоогоор нэг ам.доллар 1900 орчим төгрөг байна.
Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш ийнхүү суларсан нь импортын бараа, бүтээгдэхүүнээр дамжин инфляцийн түвшинг өсгөж, 2013 оны 10 дугаар сараас өнөөг хүртэл хоёр оронтой тооноос буурахгүй байгаа бөгөөд энэ оны 11 дүгээр сарын байдлаар инфляцийн түвшин 11.5 хувь байна. Инфляцийн түвшин 15 хувиас ингэж буусан нь нааштай үзүүлэлт боловч эдийн засгийн зөв бодлого гэхээс илүүтэйгээр түүний агшилтаас үүдэлтэй байна.
Өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн улсын өрийн хэмжээ оны сүүлээр 11.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 53 хувь байх төлөвтэй байна. Үүнд, гадаадын хөнгөлөлттэй зээл 4 их наяд байгаа бол дотоод, гадаад бонд, баталгаа тус бүр 2.5-2.7 орчим их наяд төгрөгийн дүнтэй байна.
Төсвийн алдаатай бодлогын хажуугаар мөнгөний нийлүүлэлт, зээлийн өсөлт зэрэг мөнгөний бодлогын арга хэмжээнүүд савлагаа ихтэй, эдийн засгийн мөчлөг дагасан, тодорхойгүй, эдийн засгийн зарим сегментийг дэмжих байдлаар чиглэгдэж ирсэн. 2013 онд банкны нийт системийн зээл олголт 54 хувиар өссөн байна. Энэ дүн 2014 онд 20 хувиас бага байх төлөвтэй байна. Өнгөрсөн жилд 30 орчим хувиар өсч байсан мөнгөний нийлүүлэлт энэ онд 9 хувьтай байхаар байна.
Монгол Улс маань байгалийн хичнээн баялагтай ч, хөрөнгө оруулалтгүй бол хүн хүч, техник технологигүй бол хамгийн гол нь зөв бодлогогүй бол алтан дээр суусан чигээрээ манай үеийнхэн үлдэх юм байна гэдгээ ч харлаа.
Гэрээ баримт шийдвэр дээрээ мутраа хайрласан андгай үүргээ байтугай бариа зөрөөн дээрээ бусдыг үргээсэн хууль, шийдвэр гаргаад байвал биднийг хэн ч тоохгүй, эзгүй арал дээр хаягдсан Робинзонууд болохыг 3-хан жилийн дотор 4,6 тэрбумаас 0,6 тэрбум доллар болж 7,5 дахин буурсан хөрөнгө оруулалтын үзүүлэлт маань бэлээхнээ гэрчлээд өгнө өө.
Тоон үзүүлэлт буурах, тооцоо судалгаа муудах нэг хэрэг, харин үнэт зүйлийн үнэлэмж дордож, хандлага зарчим алдагдах түүнээс илүү аюултай.
Жилдээ 2 сая шоо метр ой мод хулгайлж байгаа хууль бус үйлдлийг зогсоох эдийн засгийн сонирхолгүй, хуурамч байгаль хамгаалагчдыг татвараа төлөөд хөрөнгөө оруулаад, байгаль орчны дахин сэргээлтээ хийж байгаа хууль сахигч, хувийн бизнесүүд рүүгээ буу сумтай уулгалан дайрч байхад нь болиулж зүрхлэхгүй төр засагтай болсон байна, бид.
Монголд хөрөнгөө оруулахаар ирсэн бизнесийнхнийг тайлбар нөхцөлгүйгээр хөл хорьдог тухай мэдээ дэлхий даяар Монгол орны маань нэрийн хуудас болоод байхад бид таг дуугай харсаар, битгий хөрөнгөө оруул гэж байгаа юм шиг ажигласаар л сууна.
Өнөөдөр долларын ханш унаж, улсад нэг нь нэг гэлтгүй тонн алт чухал байхад газар дээр нь ганц ч очиж хараагүй байж уурхайн олборлолтын үйл ажиллагааг байнгын хорооны хуралдаан дээр ганц хашгираад л бүтэн жилээр гацааж байна. Монгол төрийн бодлого ингэтлээ эрэмбээ алдсан, ингэтлээ төрийн дархлаа сульдаж доройтсон бол бид өнөөдөр үүнийгээ хүлээн зөвшөөрөөд нийгэмд байгаа хүлээлтүүдээ болиулах хэрэгтэй.
Одоо гишүүд ээ, зовлонтой ч гэсэн заавал шийдвэрүүдээ гаргах цаг нэгэнт болжээ.
Бид одоо өөрчлөлт хийхгүй бол ойрдоо юу болохыг хэлж өгөхөд ямар ч Ванга зөгнөгч, мэргэч төлөгч шаардлагагүй болжээ. Энэ хэвээрээ элдэв арга хэмжээ авалгүй байдал хэвээр үргэлжилбэл хэсэг хугацааны дараа бид default  буюу улс орноо дампуурсан хэмээн зарлах шаардлага үүсэхийг ч үгүйсгэхгүй ээ. Байдал ийм түвшиндээ хүрвэл та бидний талцаж суух байтугай Монгол Улсын хувь заяаг гадна дотны ямар хүн хүч удирдаж, гадаа гудамжинд ямар зохиомжтой үйл явдал өрнөж болохыг хэн ч таашгүй.
Долларын ханш одоогийнхоосоо хэдэн зуун төгрөгөөр нэмэгдэж, монгол төгрөг яаж үнэгүйдэхийг харах хүсэл мэдээж хэнд ч байхгүй байгаа. Энэ хэдэн банкны хэд нь ч дампуурч, хичнээн мянган хүн ажлын байраа алдахыг хэн ч одоо хэлж чадахгүй. Энд бие биенээ айлгах ямар ч бодол алга. Зүгээр л төсөв, мөнгөний энэ бодлого цаашаа хэвээр үргэлжилбэлийм нөхцөл байдал биднээс шалтгаалахгүйгээр бий болноо гэдгийг л гол нь хэлэх гээд байна.
Одоо бид огцом шийдвэртэй арга хэмжээ авахгүй бол Грек, Испани, Итали дахь хямралууд Европыг тэр чигээр нь сүүлийн 2 жил гүн хя?