ЕРӨНХИЙ САЙДЫН 30 МИНУТ

2014-02-06   Уншсан тоо: 659

Ерөнхий сайд уулзалтын эхэнд  нийслэлийн Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд шинээр баригдсан “Буянт-Ухаа-1” хорооллын барилгуудыг хэрхэн хувиарлах талаар товч танилцууллаа. Тус хороололд  1764 айлын 32-68 ам метр талбай бүхий 28 барилга, автомашины дулаан зогсоол, хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэг үйлчилгээний төв  баригдаж ирэх тавдугаар сард бүрэн ашиглалтад орно. Хорооллын эхний ээлжийн 567 айлын орон сууцыг 9 сарын хугацаанд барьж, өнгөрсөн нэгдүгээр сард ашиглалтад хүлээн авсан юм.  Энэ орон сууцны байрын 1 ам метр талбайг  1 280 000 төгрөгөөр худалдана. Нийт орон сууцны 60 хувийг төрд ажиллаж байгаа төрийн албан хаагчдад, 40 хувийг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, залуу гэр бүлүүдэд хувиарлана.

Уг байрыг эзэмшигч 15 жилийн хугацаанд бусдад зарах буюу түрээслэхгүй байхаар удахгүй батлагдах “Орон сууцны захиалга авах журамд” тусгана.  Мөн  8 хувийн зээлд хамрагдах, өмнө нь орон сууц худалдан аваагүй байх зэрэг нөхцөлтэйгөөр уг байрыг иргэдэд олгох юм гэж Ерөнхий сайд хэллээ.  
 
Уулзалтад Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ оролцож Шинэчлэлийн Засгийн газар цагаан сарын өмнө ахмадуудынхаа тэтгэврийг ажилласан жилээ нөхөн тооцуулсан болон бусад нөхцөлийг харгалзан 15-30 хувь нэмэгдүүлсэн талаар танилцууллаа.  Нийт тэтгэвэрийн доод хэмжээ 180 300 төгрөг байсныг 207 300 төгрөг болгож 15 хувиар, хувь тэнцүүлсэн тэтгэвэрийн доод хэмжээ 135 200 төгрөг байсныг 172 200 төгрөг болгож 18,6 хувиар өсгөлөө гэж сайд мэдээллээ.
Ерөнхий сайд мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултанд хариуллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.