Шадар сайд Ө.Энхтүвшин НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын төлөөлөгчтэй уулзлаа

2018-07-03   Уншсан тоо: 210

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр (2018.07.03) Азийн сайд нарын II бага хуралд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг төлөөлөн хүрэлцэн ирсэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах асуудлаарх Тусгай төлөөлөгч Мами Мизуторитой уулзлаа.

 

Шадар сайд “Монгол Улс Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлыг эх орондоо зохион байгуулж байгаа нь нэр төрийн хэрэг” хэмээгээд, бүс нутгийн 50 гаруй орны 3000 шахам төлөөлөгч оролцож буй тус бага хурлыг зохион байгуулахад НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар болон түүний бүсийн төвөөс үзүүлж буй тусламж, дэмжлэгт талархлаа илэрхийлэв. Түүнчлэн Монгол Улс НҮБ-ын гишүүн орны хувьд Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхээр “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”, “Гурван тулгуурт хөгжлийн бодлого” зэрэг хөгжлийн томоохон баримт бичгийг батлан хэрэгжүүлж байгааг дурдлаа. Монгол Улсын Тогтвортой хөгжлийн хүрээний үйл ажиллагааны дотор “Сендайн үйл ажиллагааны хүрээ”, түүнийг хэрэгжүүлэх Азийн бүсийн төлөвлөгөөний  хэрэгжилтэд онцгой анхаарал хандуулж, гамшгийн удирдлагын  тогтолцоог боловсронгуй болгох, хууль эрхзүйн орчныг шинэчлэх, гамшгийн эрсдэлийг бууруулахад олон нийтийн оролцоог дэмжих чиглэлээр нэлээдгүй ажил хийснийг тэмдэглэн хэлэв. Тухайлбал, 2017 онд УИХ-аас Гамшгаас хамгаалах хуулийг шинэчлэн найруулж, үндэсний болон орон нутгийн түвшний гамшгийн эрсдэлийг бууруулах тогтолцоог бүрдүүлж, оролцогч талуудын үүрэг, оролцоог тодорхойлж, онцгой байдлын албаны хүмүүсийн эрхзүйн байдал ба нийгмийн халамжийг сайжруулж, гамшгийн үеийн хүмүүнлэгийн тусламжийн зохицуулалтыг боловсронгуй болгох зэрэг шинэ заалтыг тусган батлуулсан билээ. 2018 онд Засгийн газраас “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээг Монгол Улсад хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги”, улмаар эл стратегийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг тус тус баталсан. Гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд төр, хувийн хэвшлийн болон салбар дундын хамтын ажиллагаа, иргэдийн оролцоог хангах, бодлогын зөвлөмж гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөл байгуулав. Монгол Улс НҮБ-ын “Гамшигт тэсвэртэй, аюулгүй хот” хөтөлбөрт бүх хот нь нэгдсэн Азийн анхны орон болсон билээ.

Шадар сайд Ө.Энхтүвшин гамшгийн эрсдэлийг бууруулах Монгол Улсын стратегийг “Гамшиг болсны дараа хохирлыг арилгахад бус, харин урьдчилан сэргийлэхэд чиглэнэ” хэмээн тодорхойлоод, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын төлөөлөгчид хандан Азийн сайд нарын бага хурлаас үр ашигтай, өндөр ач холбогдолтой үр дүн гарна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах асуудлаарх Тусгай төлөөлөгч Мами Мизутори “Тогтвортой хөгжлийг хангахын тулд гамшгийн эрсдэлийг бууруулах нь” сэдэвт энэ удаагийн Азийн сайд нарын бага хурал Монгол Улсад зохион байгуулагдаж байгаа нь дээрх хүчин чармайлтын илрэл гэдгийг онцлов. Тэрбээр Сендайн хүрээний хэрэгжилтийг бүс нутгийн түвшинд эрчимжүүлэх, бүс нутгийн орнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд онцгой ач холбогдол бүхий үр дүн гарна гэдэгт бүрэн итгэлтэй байгаагаа хэлэв.

Монгол Улсын Шадар сайд тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 16-18-нд Нью-Йорк хотноо болох Тогтвортой хөгжлийн асуудлаарх Улс төрийн өндөр түвшний уулзалтын Сайд нарын сегментэд оролцон, НҮБ-ын гишүүн орнуудад Азийн сайд нарын II бага хурлын дүнг илтгэх, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр Монгол Улсын ололтыг хуваалцах, тэднээс туршлага судлахаар зэхэж буйд баяр хүргэн, амжилт хүслээ гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээлэв.