БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЦАГ

2014-02-17   Уншсан тоо: 656

 “Бүтээн байгуулалтын цаг”-аар өнөөдөр Хөдөлмөрийн яамнаас 2013 оны гол үр дүн, энэ оны зорилтоо танилцууллаа.

Шинэчлэлийн Засгийн газраас хөдөлмөрийн салбарт тавьсан гол зорилт бол дөрвөн жилийн хугацаанд 150 мянган ажлын байр шинээр бий болгох. Энэ зорилтыг биелүүлэхээр “Ажилтай, орлоготой Монгол хүн” үндэсний хөтөлбөрийг Хөдөлмөрийн яам хариуцан хэрэгжүүлж байгаа юм.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн 8 хөтөлбөрийн үр дүнд өнгөрсөн онд улсын хэмжээнд 52 мянга, үүнээс орон нутагт 29 шахам мянган ажлын байр шинээр бий болжээ. Эдний 40 гаруй хувь нь барилга, боловсруулах үйлдвэрийн салбарт ажлын талбарт гарчээ.
Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөрөөр өнгөрөгч жил 6417 хүн төгсгөснөөс 79 хувь нь ажлын байртай болсон байна. Энэ оны 1-р ээлжийн элсэлт зарлахад ажил олгогч 1000 шахам байгууллагаас 7000 гаруй ажлын байрны захиалга өгч, 12 мянган иргэн суралцахаар бүртгүүлжээ. Үүнээс 39 мэргэжлээр 5204 хүнийг сургаж эхэлсний 3600 нь орон нутгийн иргэд байна. Барилгын салбарын мэргэжил эрэлттэй хэвээр байгаа тул энэ жил 2200 шахам оюутанг энэ чиглэлээр сургаж байна. Өндөр цалинтай, үнэ цэнэтэй ажилтан болоход тусалдаг энэ хөтөлбөрт хамрагдах иргэдийг нас, хүйсээр ялгаварладаггүй. “Манайд гэхэд 50 гарсан хүн бетон арматурын ангид суралцаж байна” гэж Политехникийн коллежийн багш дурьдаж байв. Суралцагчдад төрөөс 190 мянган төгрөг, дадлага хийлгэж буй ажил олгогчид 65 мянган төгрөгийн тэтгэлгийг сар бүр өгч байна. Энэ мөнгө суралцагчийн хоол унааны болон тухайн компанид дадлага хийх хугацаанд ашиглах материалын зардалд зориулагдсан. Үүнд зориулж энэ онд 13 тэрбум төгрөг төсөвлөсөн юм. Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөрт 950 шахам ажил олгогч хамрагдаж, дөрвөлсөн гэрээ байгуулан ажиллаж байна. Тэдний төлөөлөл өнөөдрийн мэдээллийн цагт байлцаж, хамтран хэрэгжүүлсэн хөтөлбөрийн талаар санал сэтгэгдлээ илэрхийллээ. Мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр цаг үеэ олсон, өгөөжтэй хөтөлбөр болсныг тэд хэлж байв.
 
Ажлын байр нэмэгдүүлэх, мэргэжилтэй ажилтан бэлтгэх, хот хөдөөгийн хаана ч ажил хайгч, ажил олгогчийг шууд холбох хөдөлмөр зуучлалын сүлжээ нэвтрүүлэх ажлууд үр дүнгээ өгч эхлээд байна. Ажлын байрны талаарх улсын хэмжээний мэдээллийн сан үүсгэж, интернэтэд холбогдсон сумд, нийслэлийн бүх хороог хамруулан 345 байршилд онлайн бирж байгуулсан нь хөдөлмөрийн салбарын үйлчилгээг чирэгдэлгүй, хүртээмжтэй хүргэхэд түлхэц болж байна гэж Я.Санжмятав сайд хэллээ.
Гадны мэргэжилтэн ажиллуулбал илүү татвар төлдөг механизм нэвтрүүлснээр гадаадаас авсан ажиллах хүч, мэргэжилтний тоо 2012 оныхоос 20 шахам хувь буурч, 8800 болжээ. Гадаадад илгээсэн дотоодын ажиллах хүчний тоо ч тодорхой хувиар цөөрсөн байна. Монголчууд хамгийн олноор гарч ажилладаг БНСУ руу гэхэд 2012 онд 2500 хүн явсан байхад өнгөрсөн онд 1900-д багтжээ.
Ажлын байр шинээр бий болгохын тулд хэд хэдэн сангийн шугамаар иргэд, бизнес эрхлэгчдэд бага хүүтэй зээл олгож байна. Өнгөрсөн онд 84 тэрбум төгрөгийн зээл олгосноос 14 тэрбумыг нь орон нутагт хуваарилжээ. Иргэдэд хамгийн ойр дөхөм дэмжлэг болдог Жижиг, дунд үйлдвэр хөгжүүлэх сангийн эх үүсвэрийг 500 тэрбум, Сум хөгжүүлэх сангийн эх үүсвэрийг 150 сая төгрөгтхүргэж нэмэхээр зорьж байна. Одоогийн байдлаар Жижиг, дунд үйлдвэр хөгжүүлэх санд 246 тэрбум төгрөг эргэлддэг ба хүн амын тооноос нь хамааруулан сумдад 200-800 сая төгрөг хуваарилдаг юм. Шинэчлэлийн Засгийн газар үйлдвэржилтэд бодлогоо төвлөрүүлсэн, үүний нөлөө хөдөлмөрийн салбарт бодит үр дүн болж бууна. Улсад төлсөн татварын 90 хувийг буцаан олгох, 50 саяас бага орлоготой аж ахуйн нэгжийг НӨАТ-аас чөлөөлөх гэх мэт бодлого ажлын байрны тоо өсөхөд нөлөөлнө гэж Хөдөлмөрийн яамнаас тооцоолжээ.
Салбарын хууль эрх зүйн орчинд энэ онд дорвитой шинэчлэл хийнэ. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих 7 хөтөлбөр хэрэгжүүлнэ. 40-өөс дээш насныхан, тэтгэвэрт гарсан ахмадууд, оюутан залуусын хөдөлмөр эрхлэлтэд бодлогоо чиглүүлнэ. 10 мянган оюутанг их бүтээн байгуулалтын талбарт ажиллуулах бол өндөр настнуудын туршлагыг ашиглах тусгай хөтөлбөр хэрэгжүүлнэ. 50 мянгаас доошгүй ажлын байр шинээр бий болгох ёстой. Гэхдээ бид 60 мянгад хүргэе гэсэн дотоод зорилттой ажиллаж байна гэж Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав танилцууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.