Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Монгол Улс хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүртээ анхаарал, халамж тавьж ажиллах ёстой

2019-07-02   Уншсан тоо: 96

Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хөгжүүлэх Ази, Номхон далайн бүсийн 4 дүгээр конгресс манай улсад болж байна. Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор болж буй энэхүү арга хэмжээнд Ази, номхон далайн 43 орны 600 гаруй төлөөлөгч оролцож, өөрийн орны сайн туршлагаа ярьж, хэлэлцүүлж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нээлтийн арга хэмжээнд оролцож үг хэлэхдээ,

Ази, Номхон далайн бүсийн орнуудын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг  нэгтгэж, тэдний тулгамдсан асуудлууд болон хамтын ажиллагааны талаар нээлттэй хэлэлцүүлэг хийж, мэдлэг, туршлагаа солилцох боломж олгодог энэхүү конгрессийг эх орондоо зохион байгуулж байгаад Засгийн газрын тэргүүний хувьд баяртай байгаагаа илэрхийллээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх,

-Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаар Та бүгдтэй хуваалцах ололт амжилт, туршлага сургамж арвин бий.

Бас та бүгдтэй зөвлөлдөх, та бүгдээс суралцах асуудлууд ч цөөнгүй байгаа. Та бүгдийн туршлага, зөвлөмж, шийдлийг бид хүлээн авч бодлого, үйл ажиллагаандаа нэвтрүүлэхэд бэлэн байна. Ийм ч зорилгоор Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн  хөгжүүлэх  Ази, Номхон далайн бүсийн 4 дүгээр конгрессыг Ерөнхий сайд миний бие өөрийн ивээл дор зохион байгуулж байна.

Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй 105,7 мянган иргэн амьдарч байна. Бид энэ хүмүүстээ анхаарал халамж тавьж, хүн бүрт хүрч ажиллах үүрэгтэй.